#AsuultSambar :
https://forum.asuult.net/

♫♪♫ Сэтгэлд хоногшсон дуунууд ♫♪♫
https://forum.asuult.net/viewtopic.php?f=110&t=157715
Page 1 of 3

Author:  Jill [ Feb.17.10 4:13 pm ]
Post subject:  ♫♪♫ Сэтгэлд хоногшсон дуунууд ♫♪♫

Одоо хэр нь хүн бүрийн аманд аялагддаг 1960-1980аад оны дууны үгс...

Author:  Jill [ Feb.17.10 4:16 pm ]
Post subject:  Сэтгэлд хоногшсон дуунууд

"Хослон дуулъя"

Одтой тэнгэрээс мишээхээр
Орчлон дэлхийг гэрэлтүүлэхээр
Онгон талдаа саран гийгүүлж
Намайг чамтай уяруулахаар
Найрсаг дэлхийд учруулахаар
Нандин хайрын дуу хорвоод төрөв үү?

Дахилт: Миний зүрхний тольд минь
Чиний минь харц хайраар аслаа
Аялан дуулах хаврын шувуудтай
Айзам нийлүүлж хослон дуулъя
Үерийн ус шиг боргилсон хайраар
Үнэн зүрхээ хоёулаа холбъё

Цэлмэг тэнгэрийг гийгүүлэхээр
Цэцэгт дэлхийг гэрэлтүүлэхээр
Цэнгэг талдаа наран гийв үү
Амраг биднийг учруулахаар
Азтай жаргалд уяруулахаар
Ариун хайрын дуу хорвоод төрөв үү?

Дахилт:

Author:  Jill [ Feb.17.10 4:32 pm ]
Post subject:  Сэтгэлд хоногшсон дуунууд

Анхны алхам киноны дуу - Хунгийн дэгдээхэй /1969/

Хөнгөн жигүүр ургаж гүйцээд
Холын тэртээг шувууд зорилоо
Онгон насны хосгүй учралаар
Хайрын дээдээр чамдаа даслаа

Түмэн бээрийг гатлах замд
Төрсөн нутгийн уянга хоногшино
Үнэн батаар амьдрах замд
Зорьсон сэтгэлийн уяа чангарна

Хорвоо ертөнц уужим гэдгийг
Хунгийн дэгдээхэй мэдсэнгүй
Хонгор чамтай учрана гэж
Хорьхон насандаа бодсонгүй

Author:  Jill [ Feb.17.10 4:48 pm ]
Post subject: 

"Цэцэгчний хүсэл"

Алтан нарны цацрал атган
Ариун хөрсөнд соёолон найгасан
Амьдрал жаргалын гэгээн билэгдэл
Алаг цэцэгс мөнх дэлгэрэг

Дахилт: Энхэрхэн дэлбээг чинь тааланхан
Эхийн хайраар чамайг ургуулсан юм (x2)

Хаврын үдэш залуус учрахдаа
Хайрын болзоонд чамайг өргөнхөн
Сайхан үнэрт чинь сэтгэл баясан
Саруул орчлонд жаргаж яваг аа

Дахилт:

Энхийн төлөө цэцгээ барин
Энэхэн дэлхийд хүмүүс нэгдэж
Миний цэцгийн ариун дэлбээнд
Дайны тоос бүү унаг аа

Дахилт:

Author:  Jill [ Feb.17.10 5:04 pm ]
Post subject: 

Бид мартахгүй киноны дуу /1985/


Хайр гэрэлтсэн нүдийг чинь
Харах бүрийдээ дальдравч
Баясан булгилах зүрх минь
Байлдагч чамруу тэмүүлнэ

Дахилт: Чи зүрхэнд минь хайрын дөл тусгаж
Чи сэтгэлд минь дурлалын гал бадраана

Хүнлэг хайрын шивнээг
Сонсох бүрийдээ ичингүйрэвч
Хүсэн мөрөөдөх сэтгэл минь
Хайртай чамдаа тэмүүлнэ

Дахилт:

Хар нүдэн бүсгүй минь
Хэн хүний үр болоод чи
Онгон хайрыг минь уярааж
Унтах нойрыг хасна вэ

Дахилт: Чи уулзахдаа хайрын дээдийг заяаж
Чи учрахдаа жаргал авчирна

Янаг хайртай бүсгүй минь
Ямар хүний үр болоод чи
Зүрх сэтгэлийг минь дэнслүүлж
Зүүд нойронд минь учирна вэ

Дахилт: Чи уулзахдаа хайрын дээдийг заяаж
Чи учрахдаа жаргал авчирна

Author:  Jill [ Feb.17.10 5:25 pm ]
Post subject: 

"Нандин эрдэнэ"

Учрах хорвоод чамайгаа хараад
Уярал хайрын дуугаа дууллаа
Алаг дэлхийд хослон жаргах
Ариун журмын хань минь билээ

Дахилт1: Чин хайр минь нандин эрдэнэ
Чи минь наддаа нандин эрдэнэ (х2)

Алаг нүдэн амраг чиний
Аалинд уяран дуугаа дууллаа
Хүний орчлонд хослон жаргах
Хүслийн тэнгэр чи минь билээ

Дахилт1:

Алтнаас үнэтэй амин заяа
Алагхан үрээ дуудан дууллаа
Эрдэнийн дээд эвийг сахиж
Энхрий сэтгэлд чинь хайраа өглөө

Дахилт2: Алаг үр минь нандин эрдэнэ
Амин итгэлийн нандин эрдэнэ
Хүслийн дээд чандмань эрдэнэ
Хүн хүндээ нандин эрдэнэ

Дахилт1:

Author:  Jill [ Feb.17.10 5:34 pm ]
Post subject: 

Б.Нандинцэцэг - Анхны хайрын дуу /1980аад он/

Унаган багын аашаараа
Уулын гөрөөс шиг омголон явлаа
Уулын гөрөөс шиг омголон явтал
Урсгал сайхан харцтай учирлаа

Дахилт: Хайрын нандин сэтгэл
Хаанаас ирдэг юм бэ?
Аз жаргал зөгнөсөн анхны хайр
Алаг зүрх түшээд ирэв үү?
Алаг зүрх түшээд ирдэг анхны хайр, анхны хайр
Хаанаас ирдэг юм бэ?

Дэврүүн багын аашаараа
Дэнжийн цэцгүүд шиг ганхаж явлаа
Дэнжийн цэцгүүд шиг ганхаж явтал
Дэрсхэн хонгор чи минь учирлаа

Дахилт: Хайрын нандин сэтгэл
Хаашаа намайг хөтөлнө вэ?
Аз жаргал зөгнөсөн анхны хайр
Алаг зүрх түшээд ирэв үү?
Алаг зүрх түшээд ирдэг анхны хайр, анхны хайр
Хаашаа хөтөлнө вэ?

Author:  Jill [ Mar.02.10 5:43 pm ]
Post subject: 

Амин насны урсгал

Анхны мөнгөн хяруу талын алганд буулаа
Алсын тvмэн одод тоолж болмоор шингэрлээ
Улаан шаргал наран уулсын цаагуур шургалаа
Уйтгар гунигийн сvvдэр цээжний нөмөрт хургалаа

Дахилт: Ай миний сэтгэл уярна
Амраг хайрын далай долгилно
Ай чиний хайранд уярна
Амин насны урсгал долгилно

Голын ус нь дөлгөөн ч хадыг элээх хvчтэй
Ганцхан насандаа хайрлаж амьдрах жаргалтай

Дахилт: Ай миний сэтгэл уярна
Амраг хайрын далай долгилно
Ай чиний хайранд уярна
Амин насны урсгал долгилно

Author:  Jill [ Mar.02.10 6:26 pm ]
Post subject: 

ТАКСИЙН ЦООХОР МАШИН /1964/

Таксийн цоохор машин нь хө
Дайрчих шахаад өнгөрлөө
Ууртай ширүүн харсан чинь
Усан дагина байсныг яана.

Алаг бөөртэй машиныг би
Амдан амдан гүйдэг боллоо
Ахиад уулзвал уулзъя гэж
Аандаа хүсдэг болчихлоо би

Таксийн цоохор машин нь хө
Дахиад л дайрчих шахсаныг яана
Хөөрхөн баясаад харсан чинь
Хөгшин жолооч хялайсныг яана.

Амраг хайрын сэтгэлд чинь
Арын хаалга байдаг юм уу
Та минь наддаа туслаач дээ
Такси баазаар танилууд бий юу?

Зүсийг нь таних тэр машин
Зүг зүг рүү л цахилаад байна
Яая даа, яая даа зүрх минь
Яг л ингэж цохилоод байна!

Author:  Jill [ Mar.02.10 6:29 pm ]
Post subject: 

ХАВРЫН ШӨНИЙН БОДОЛ /1972/

Урьхан хаврын намуун шөнөөр
Уулсын цаанаас шувууд ирлээ
Онгон талын цагаан нууранд
Одтой наадан дуулж хонолоо

Хаврын шувууны дуунд уяран
Хайртай санан гармаар байнаа
Хатан дөрөөний чимээ чагнаж
Харгуйн бараа хармаар байнаа

Дархан хилээ манаж яваа
Дайчин чамдаа очмоор байнаа
Давхар давхар мянган уулын
Даваа бүхнээр давмаар байнаа

Удаан хүлээсэн нуураа амрааж
Усны чандаас шувууд ирнээ
Учрал хүссэн намайг жаргааж
Удахгүй бас чи минь ирнээ

Author:  Jill [ Mar.02.10 6:36 pm ]
Post subject: 

ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ /1966/

Янагийн сайхан харц шиг
Яргуй нүдлэн мишээж байна
Ханшийн ногоо нярайлсан
Хаврын тал минь нялхарна

Уртын сайхан дуу шиг
Ухаан санаа саруулсгаж
Зуун бээрээр дуниартсан
Зуны тал минь униартана

Цагаан сайхан сэтгэл шиг
Цасан цайдам алсалж байна
Өврийн илчээ цантуулсан
Өвлийн тал минь цавцайна

Нарны сайхан цацрал шиг
Найман зүгтээ туяарч байна
Намирсан тариа найгуулсан
Намрын тал мниь шаргалтана

Эзэн хүний сэтгэлийг
Эргэн эргэн баясаасан
Дөрвөн цагийн тал минь
Дөрвөн цагтаа сайхан аа!

Author:  Jill [ Mar.02.10 6:37 pm ]
Post subject: 

ЧИ МИНЬ БИТГИЙ МАРТААРАЙ /1962/

Хархан нүдний талимаанд чинь
Хайлан уяран суухдаа
Ханийн жаргал амласнаа
Хайрт минь би мартаагүй
Шан туушин гэзгийн чинь
Шанхыг илбэн суухад минь
Чин хайраа амласнаа
Чи минь л битгий мартаарай
Алиа хөөрхөн аашинд чинь
Аясан эрхлэн суухдаа
Амьдын жаргал амласнаа
Амраг минь би мартаагүй
Бадам лянхуа уруулын чинь
Балыг амтлан суухад минь
Хорвоогийн жаргал амласнаа
Хонгор минь битгий мартаарай

Author:  Jill [ Mar.17.10 11:34 pm ]
Post subject: 

Зам дээр гээгдсэн цэцэг

Торгон туузаар ороосон
Талын анхилам цэцэг
Тоос шороонд дарагдаад
Замын хажууд хэвтэж байна

Хэн түүнийг анх удаа
Хээрийн нугаас түүгээ бол?
Хэрхэн юуны учраас
Торгон туузаар чимээ бол?

Халуун янагийн болзоондоо
Хархүү нямбайлж зэхээ юэ?
Хайртай түүнээ ирэхгүй болохоор
Хайран цэцгээ хаячихаа юу?

Эсвэл залуу бүсгүй
Энхрий хүндээ өргөө юу?
Хайхрамж муутай гуалиг залуу
Харгуйд гарахдаа гээчихээ юу?

Ямар түүхтэй цэцэгхэн
Яагаад энд хэвтэнэ вэ?
Явдал учраа тоочин байж
Яриад өгдөг ч болоосой

Author:  mongolia_999 [ Mar.17.10 11:38 pm ]
Post subject:  Re: Сэтгэлд хоногшсон дуунууд

Gerlej amjaagui yavna :wd:
Javhlan iluu goy duulsan bnle

Author:  Alias [ Apr.17.10 8:16 am ]
Post subject:  Re: Сэтгэлд хоногшсон дуунууд

Jill баярлалаа. Бүр ХОСЛОН ДУУЛЪЯ гэдэг дууны үгийг олох гэж би их хичээсэн юм. Чамд ахиад баярлалаа. Үнэхээр их :smile:

Author:  Jill [ Apr.17.10 12:08 pm ]
Post subject: 

"Гэрлэж амжаагүй явна" киноны дуу

Төрсөн нутгийн үзэмж шингээд
Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ
Төрүүлсэн эхийн чинь намба шингээд
Танхилхан чамайг энхрийхэн болгожээ

Дх: Харах тусам нүдэнд өөриймсөг
Хайрлах тусам зүрхэнд хоногшино
Хайртай болжээ чамдаа би
Ханийн жаргал хайрлаач наддаа

Онгон зүрхний чинь хайрыг амсах гэж
Орчлонд би төрсөн байжээ
Унаган хайраа чамдаа нээгээд
Учран жаргахын тавилан байжээ

Дх: Жаргал амтлан мэлтрэх сайхан нүдний чинь
Хайрын харцыг сэвтээхгүй байж
Замбуулин хорвоог хамтдаа элээх
Ханийн түшиг чамдаа амлая


mongolia_999 - За дууг чинь орууллаа... Удаасанд өршөө... :imhappy:
Alias - Бага ч гэсэн тусалж чадсандаа баярлажээнэ.... Хэрэгтэй дуунуудаа бичээд үлдээчиж бгаарай... :wink:


Author:  zealot [ Apr.21.10 11:18 pm ]
Post subject:  Re: Сэтгэлд хоногшсон дуунууд

Баян далай уулс шиг ээ
Бялхам сэтгэл ... гээд дууг хэний дуулсан, ямар нэртэй дуу вэ? хэлж өгч туслаач :)

Author:  Jill [ May.09.10 3:17 pm ]
Post subject: 

zealot дахиад хэдэн мөр бичкү бол санаанд юу ч орж ирдгүэ :razz:

Author:  Jill [ May.10.10 5:06 pm ]
Post subject: 

Айзам - Чи минь

Гэнэн цайлган цэвэр ариун хайраа чи
Гэрэлт орчлонд ганцхан надад өгсөн
Халх бүсгүйн харамгүй сэтгэлээр
Хамаг бүхнээ наддаа зориулсан

Үү үү үү Энхрийхэн эгэлхэн чи минь

Эр хүний алдаж онохын тавиланг
Их биш ч гэсэн хүртэж явсан намайг
Үнэнч дурлалын мөнхийн зулаараа
Үргэлж чи минь дулаацуулж ирсэн

Үү үү үү Энхрийхэн эгэлхэн чи минь

Эрх танхил, элбэг баян биш ч гэсэн
Эгэл чи минь наддаа нандин эрдэнэ
Амьдрал хайрын шүтээн минь болсон
Ариухан чамайгаа хайрлаж явъя

Үү үү үү Энхрийхэн эгэлхэн чи минь

Author:  zugiihun [ May.10.10 6:17 pm ]
Post subject:  Re: Сэтгэлд хоногшсон дуунууд

goe sedev bn

Author:  Jill [ Jun.02.10 2:28 am ]
Post subject: 

Айзам - Хайрын дууг минь сонсооч

Анхлан чамайг би хараад
Атгахан зүрх минь догдлоод
Өөрийн мэдэлгүй чамруу ширтсэн
Усгал дөлгөөн харцаар чи
Урдаас минь тогтож харахад
Ухаан бодол минь халин одсон

Анхны хайрын дөл асаасан
Ариухан чамайг мөрөөдсөн
Хаврын цэнгэг агаар шиг
Хайрын дуугаа дуулъя
Учралт чи минь сонсооч
Уянгат дууг минь сонсооч
Хайрт минь чи сонсооч
Хайрын дууг минь сонсооч

Үүрдийн итгэлээр жигүүр хийж
Өнийн амьдралаа төсөөлсөөр
Унтах нойр минь нисэн одсон
Шөнийн цэлмэг тэнгэрийн
Мянга мянган оддын дундаас
Мөрөөдөлт чамайгаа олж харсан

Анхны хайрын дөл асаасан
Ариухан чамайг мөрөөдсөн
Хаврын цэнгэг агаар шиг
Хайрын дуугаа дуулъя
Учралт чи минь сонсооч
Уянгат дууг минь сонсооч
Хайрт минь чи сонсооч
Хайрын дууг минь сонсооч

Author:  Жавхлан [ Jun.15.10 5:49 pm ]
Post subject:  Re: ♫♪♫ Сэтгэлд хоногшсон дуунууд ♫♪♫

АМЬДАРЛЫН АЛТАН БОСГО
Амьдрал үйлсийн алтан босгыг алхаад орход
Азтай хүнийг жаргалын дуу угтлаа
Арван жилийн алиахан төрхөөрөө чи минь
Алагхан зүрхийг минь хайраар шагнана
Зургийн сайхан зүсээрээ ижилсээд
зүрхний амь шиг хайраараа хайрласан
Хайрын бүүвэйг дуугаа хоёулаа дуулая
Ханын хорвоог уяруулан жаргаая
Арван арван живаа үйлсийн далай цалгилаад
Ачтай хүнийг жаргалын наран дуудлаа
Арвин үйлсийн далай нэгэн мөчийг хөглөөд
Алагхан зүрхийг хайраар шагналаа

Author:  zealot [ Jun.16.10 8:15 pm ]
Post subject:  Re:

Quote:
zealot дахиад хэдэн мөр бичкү бол санаанд юу ч орж ирдгүэ :razz:
Энэ дээр дуулсан байгаа. Universe Best Songs-д 3т орсон Уяхан Бээжингийн Монгол гээд паабд дуулж байхад нь гар утасаараа бичсэн юм. Цэнэг дуусаагүй бол бүтэн биччихгүй юу :(
http://www.voodoo.mn/video/7326/

Author:  Jill [ Aug.22.10 11:13 pm ]
Post subject: 

М.Янжиндулам - Аавдаа

Сүүмийн сүүмийх алс тэртээд
Сүргээ хариулж яваа даа

Дх: Баян далайн уулс шиг ээ
Бялхам сэтгэлт аав минь
Сураг чимээ чагнаад
Хүүгээ хүлээж суугаа даа (х2)

Хунгийн дэвэлт аяар ниссэн
Хулст нуурын эрэг ээ хө

Дх: Зогсоо зайгүй бодогдуулсан
Өлгий тэнүүн нутаг аа хө
Жороо халиу морио унадаг
Өвгөн аавын минь нутаг аа хө (х2)

Хантайширын оройгоор
Харийн шувууд буцлаа хө

Дх: Хайртай буурал аавтайгаа
Харьж очоод золгоно доо
Сураг чимээ чагнаад
Хүүгээ хүлээж суугаа даа (х3)


zealot - Нэлээн хайжийж асуусан дууг нь оллоо... Удаасанд уучилж үзээрэй.. :frog:
Ингээд дуугаа ав даа хүүхдээ... youtube дээр бналээ... :wink:

Жавхлан - Гоё дуу... :l2: Болж өгвөл бичсэн дууныхаа нэр, дуучин, он этрийг нь бичээрэй хүүхдээ... :hi:

Author:  Jill [ Aug.23.10 12:24 am ]
Post subject: 

Наранмандах - Оройтсон бороо (80-аад оны сүүл, 90-ээд оны эхэн)

Хавар нь ороогүй бороо
Намартаа яагаад шаагина вэ?
Хавар нь дэлгээгvй дэлбээ
Намартаа яагаад ургана вэ?

Дх: Оройтсон бороо цэцэг нэхнэ үү
Оройтсон хайр цэнгэл нэхнэ үү

Гил хар шөнийн зүүдэнд
Цал буурал vстэй ирэв үү?
Үүрээр гомдсон зүрхийг
Үдшийн болзоонд дуудна гээ юү?

/Дахилт/

Өвлийн цасны нөмөрт
Өнчин цэцэг ургана гээ юү?
Зүрхэнд буусан хярууг
Зүүдний наранд хайлна гээ юу?

/Дахилт/

Одтой насны хайр шившин
Оройтсон бороо зvрхэнд шивнэнэ дээ
Цэнгэл жаргалаас зугатаахгүй
Цэцэглэх нь оройтсон тавилан юм даа

Author:  Jill [ Aug.24.10 1:20 pm ]
Post subject: 

Бадар-Ууган & Оюундэлгэр - Хайрын дурсамж

Зүрхнээс хайлан ундрах
Зүйргүй ялдам аялгуу
Уяран бүжээд
Уяхан танхилхан бие
Жаргалтай мөч
Зуурдын алтан гялбаа
Заяаны тэнхэлгээ эргэтэл энхрийлж явнаа

Дх: Хайрын дуу миний хүслийн дуу
Халуухан бодлын аялгуу
Хослон явсаар
Хайрын минь дурсамж

Уйтгар баяр ээлжлэн
Зүрхийг минь халгиасан
Ерөөл тавилан
Ертөнцийн өнгө будаг
Чинхүү хайр
Чамаас эхлэх ундаргатай
Нартаас буцан буцтал бодолд оршино

Дх: Хайрын дуу миний хүслийн дуу
Халуухан бодлын аялгуу
Хослон явсаар
Хайрын минь дурсамж

Page 1 of 3 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/