#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.20.18 1:33 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 16 posts ] 
Author Message
PostPosted: May.29.12 3:06 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.28.10 5:25 pm
Posts: 2289
Location: Хэнийг ч битгий үзэн яд эцэстээ бүгдээрээ үхэхээс хойш
За энэ сэдэвт ар халхын алдар цуутай шилийн сайн эрчүүдийн талаар үлгэр домог мэт яригддаг яриануудийн оруулах болноо :bigthumpup:
Image
Image


Top
   
PostPosted: May.29.12 3:10 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.28.10 5:25 pm
Posts: 2289
Location: Хэнийг ч битгий үзэн яд эцэстээ бүгдээрээ үхэхээс хойш
Шилийн сайн эрс

“Сүхбаатарынх” гэхлээр “Өө сайран хөлтийнхөн” гэдэг үг эдүгээ ч мартагдаагүй аман яриан дунд явсаар байна.

Ард олныхоо сэтгэл, домог түүхэнд Дарьганга нутаг маань шилийн сайн эрсийн нутаг хэмээн мөнхөрч дуурсагдсаар авай. Ер нь “сайн эр” гэж ямар хүнийг хэлэх вэ? гэсэн асуулт аяндаа гарч ирнэ.

Сайн эр гэдэг нь нэг талаар баяд, ноёд, манж, хятад худалдаачдийн мал эд хөрөнгийг өөрийн арга ухаан, эр биеийн бяр чадал, хүчээр булаан авч ядуу зүдүү олондоо тараан өгдөг буянтныг хэлдэг байжээ.

Нөгөө талаар харь гүрний дарлал мөлжилгийн эсрэг тэмцэж эх нутгаа хамгаалж явсан баатарлаг үйлстнүүд юм аа. Тиймээс тэдгээр хүмүүсийг нутгийн ард олон “шилийн сайн эр” хэмээн нэрлэж, амьдрал түүхийг нь бахархан дурсаж домог болгон ярьсаар иржээ.

Харин харийн дарлагч мөлжигчид болохоор тэднийг “шилийн муу хулгайч” гэж занан зүхдэг байжээ. Нутгийн ард түмэн сайн эрийг эрхэмлэн хүндэлж элэгсэг дотноор дэмжиж тусалдаг төдийгүй тэдэнтэй холбоотой сайн сайхан үйл явдлыг магтан шүлэглэсэн дуу, баатар зориг, эр чадал, авъяас билгийн тухай домог түүхийг ам дамжин ярьсаар өдгөө бидэнд үлдээжээ.

Хошуу нутгийн ард олондоо домогт баатар болсон олон сайн эрчүүд Дарьганга нутагт аж төрж байжээ. Тухайлбал Торой банди, Тогос Чүлтэм, Ганган Төгс, Гархи Банзрагч, Харцага Бор, Хүрэл Дамдин, Хүрмэн Шар, Орлойн Шар, Орлойн хөх Доодоо, Хангай Базар, Хавчиг Сайрай, Хагархай Цэнд, Харлаг Дорж, Маам Гөөг, Царцаа Гомбо, Улаан Дамаа, Богино Чалхаа, Өндөр Чалхаа, Цоохор Чоно, Исгэрдэг Дамба, Цоохор Осор, Элбэг Төгөө гээд олон сайн эрсийг нэрлэж болох билээ.

Шилийн сайн эрсийн талаар эрт дээр цагаас эрдэмтэн судлаачид ном зохиолдоо бичиж тэмдэглэж үлдээсэн байдаг. 1927 онд Дарьганга нутгийн түүх соёлын талаар судалгаа хийж явсан Зөвлөлтийн судлаач В.А.Казакевич Дарьгангын сайн эрсийн тухай өгүүлэхдээ “сайн эрсийн чадлаа гаргах заншил мөн бөгөөд хөрөнгөлөг хасгуудын эрчүүд нь харь газраас довтлон мал хөөхтэй яг адилхан” гэж тэмдэглэсэн байна.

Академч А.Лувсандэндэв гуай Дарьгангын шилийн сайн эрсийн тэмцлийн эх үндэс онцлогийн талаар дурьдахдаа “Хятад худалдаачдын мөлжлөг, тэдэнд тавьсан хошууны өр, Дарьгангын ард түмэнд хүнд дарамт болж байлаа…

Ийм нөхцөлд Дарьгангын ард түмний дотор үндэсний ба феодалын дарлал, хятад худалдаачдын мөлжлөгийн эсэргүүцсэн тэмцэл үүсч түүний дотор сайн эрийн нууц байгууллага олны анхаарал татах болов” гэжээ. Мөн шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор Л.Жамсран “Дарьгангын шилийн сайн эрс нууцаар дагалдан суралцаж сайн эр болдог байсан” гэж бичжээ.

Хятадын түүхчид ч сайн эрсийг “манжийн төрийн аранга, мэлмийд саад учруулах, торж бүрэлзэх хог” хэмээн өгүүлжээ. Унгерийн монголч эрдэмтэн Ш.Иштван шилийн сайн эрсийн тухай сонирхон судалж “Би одоогоос арван жилийн өмнө Будапешт хотын Их сургуульд суралцаж байх үеэс л Монголын тухай болон Торой банди хэмээх шилийн сайн эрийн тухай сонирхох болсон.

Их сургуульд монгол бичиг сурсан минь Дарьганга нутгийн тухай, Торой бандийн тухай олон арван дуу шүлэг ном уншиж судлах боломж олгосон. Монгол нутагт онгон зэрлэг тал нутгаар гэр хийж, морин дэл дээр давхиж явдаг билэг танхай эрсийн дуу шүлэгт мөнхөрсөн бодит түүх миний сонирхолыг татахгүй байж чадаагүй. Хүсэлдээ хөтлөгдөж би 1999 онд анх Монголд ирж Дарьганга нутагт очсон билээ…

Архангай аймгийн Зая бандидын хүрээний нутаг дахь сайн эрийн ууланд 250 орчим шилийн сайн эрс цугларч Торой бандид дээд шагнал олгох тав дахь удаагийн зангиа зүүж өгөх монгол төрийн нууц даалгавраар Зая бандид гэгээн өөрийн биеэр заларч хүндэтгэл үзүүлсэн түүхэн баримт байна” хэмээжээ.

Дарьганга нутагт шилийн сайн эрстэй холбоотой олон домогт газрууд байдаг бөгөөд түүнтэй холбоотой зарим ёс, заншил ч өдгөө хүртэл хадгалагдан үлдсэн байна. Үүний нэг бол Шилийн богд уулыг шүтэн бишэрч дээдэлж байдаг явдал юм.

Энэ уулан дээр эрт дээр үед шилийн сайн эрчүүд өглөөн нарнаар оройд нь гарч сан сэржим өргөж хиймороо сэргээн эр зоригоо чангалж, эх орон , төрийн сүлдэндээ зальбирч, сэтгэлийн их эрчим хүчийг биедээ шингээж, ядарч зүдэрсэн ард олноо хайрлан ивээн тэтгэх ухааныг өдөөж тангарагаа өргөж байсан гэлцдэг.

Өдгөө ч нутгийн ард олон төдийгүй алс холоос зорьсон хэн боловч Шилийн богд ууланд гарч эрийн хиймороо сэргээдэг нь үүнтэй холбоотой юм. Шилийн богд уулаас баруун тийш Ачаа хэмээх ууланд хавтгай чулуун дээр хүн зориуд ухаж сийлбэрлэсэн юм шиг долоон дугуй нүх байдаг.

Нүх тус бүрийн ам том, жижиг янз бүр боловч тус бүр 10 – 50 см диамертэй гүнээрээ нэг метр орчим байна. Үүнийг нутгийнхан долоон тогоо хэмээн нэрлэдэг. Энэ тогооны онцлог нь жилийн дөрвөн улиралд голдуу цэвэр устай байдаг учир эрт дээр үед шилийн сайн эрс долоон тогооны усаар унаа морио усалж, өөрсдөө цай ундээ хийдэг байсан гэж нутгийнхан хуучилдаг.

Дарьгангад шилийн сайн эр болоход заавал Шилийн богд ууланд гарч тангараг өргөдөг байсан төдийгүй алдартай сайн эрийг дагалдаж суралцаж сайн эрийн цол чимэг хүртэх, ядарсан хүнд тус хүргэх, олсон олзоо ядуу ард олонд түгээн өгөх зэрэг тогтсон ёс журам үйлчилж байсан зэргээс үзэхэд тухайн орон нутгийн нэг өвөрмөц зан заншил байсаныг тодорхой харуулж байна.

“Цантын цагаан ууланд, цантаа нь үгүй” Торой банди (домог болон мөнхөрсөн ), Хангай Базар (“Газар шороо” рамоны гол баатар), Базарын Хавчиг (Хангай Базарын хүү, хүчит бөх), Хүрз Лувсан (есөн эрүү давсан),Их Норов (хүчит бөх), Ухаа Балжир (хөлтэйхэн баян эр…) зэрэг сайн эрсийн амьдралын түүх өнөөдөр үлгэр домог болон яригдсаар байна.

Сайн эрчүүд мөлжигдөж дарлагдсан ядуу ардыг төлөөлөн гадаадын худалдаачид ноёд, баячуудаас өшөө авах зорилго тавьдаг. Хүнийг хүндлэх, ядуу доройчуудыг тэтгэж, эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшдийг асрах, нөхөр журмыг сахиж, хэлсэн үгэндээ хүрэх, эдэд үл шунах, хатуужил тэсвэртэй байх нь сайн эрийн ёс байлаа. Ийм ёсыг чанд дагана гэж тэд тангараг өргөдөг байжээ. Тангарагаа зөрчсөн хүнийг сайн эр гэж үзэхээ больж, ерийн хулгайч нар гэж жигшдэг байв.

“Улаан голоо тасартал
Өргөсөн тангарагаасаа няцахгүй” хэмээн энэ тухай өгүүлсэн байдаг. Шилийн сайн эрчүүдийн үлгэр жишээ болж тодорсон эр бол:

“Галав, Шанхайн говьд
Гандаа нь үгүй Торой
Халхын хэдэн ноёдын
Эрлэг болсон Торой “ хэмээх Нанзад юм.

Тэрбээр 1834 онд Сүхбаатар амйгийн Онгон сумын нутаг Ээлт хошуу гэдэг газар харц ядуу малчин ардын гэрт төржээ. Түүний эцэг эх Дарьганга хошуунд байгуулагдсан Манжийн хааны сүргийг маллуулахаар Цахараас Дарьгангад нүүлгэн авчирсан гурван зуу гаруй өрх айлын нэг ажээ. Эцэг нь баяны зараалаар Жанчхүү хотод жин тээж явдаг байжээ.

Хятадууд тэдний авч очсон зүйлийг ямагт голж шилж, үнэ бууруулж авах зэргээр байнга дарамталдаг учир түүнийг нь эсэргүүцэн тэмцдэг байжээ. Өширхсөн хятадууд Торой бандийн эцэг Данзанд хор өгч алсан учир тэрээр есөн настайдаа өнчрөн үлдсэн гэдэг.

Ээж нь түүнийг арван настайд нь хийдэд суулган лам болгосон ч уул хадаар тэнэж ан гөрөө хийж амиа тэжээхийн зэрэгцээ дотоодын ноёд баяд, гадаадын шунахай худалдаачдын эсрэг тэмцэж шилийн сайн эрийн хувь тавилангаар явсаар Торой бандийн намтар түүх дуу болон ард түмний дунд мөнхөрсөн байна.

“Ганжуур Данжуур байлаа ч
Бишрээ нь үгүй Торой
Хутагт хувилгаан байлаа ч
Мөргөө нь үгүй Торой “ хар бор амьдралтай эгэл нэгэн ард явсаны илрэл юм.

Торой банди нь Шилийн богд, Бударын чулуу, Шартын хад, Молцог элс, Ганга нуурын бургас, Талын агуй, Нартын агуйгаар орогнон нутаглаж байгаад 19О4 онд далан насандаа өөд байжээ. Шилийн сайн эр Торой бандийн тухай олон домог ард түмний дунд яригдсаар байдаг билээ.

Арилжаа,наймаа хийж хөлжсөн Ухаа Балжир ч Дарьгангын сайн эрчүүдийн тоонд зүй ёсоор багтаж явжээ. Түүнийг ард олон, Дарьгангын бүгдийн даргаар сонгохоор санал гаргаж байсныг “шилийн хар хулгайч” гээд зөвшөөрөхгүй байсан гэдэг. Ухаа Балжир багадаа Өвөр Монголын Бандид гэгээний хийдэд шавилан сууж, маш сэргэлэн, хичээл оролдлоготой, номтой сайн лам болохоор шамдаж байжээ.

Бурханы ном бясалган ертөнцийн нууцыг тайлах хүсэлдээ хөтлөгдсөн тэр үедээ Ухаа Балжир хилс хэрэгт холбогдож эрүүдүүлж доромжлуулсандаа хорсон “сайн лам болж болдоггүй юм бол сайн эр болно доо” гээд өшөө авахаар шийдэж Бандид гэгээний хийдийн нэгэн том монгол бурхныг хулгайлан авч оргожээ. Хээрээр гэр, хэцээр дэр хийж явахдаа тэр бурханаа эвдэж цул мөнгө болгон хэрчээд наймаа хийж, хагартлаа баяжсан гэдэг.

Дарьгангын баруун гар тэмээчний нутагт 1890-ээд оны үед амьдарч байсан Хүрз хэмээх хочтой Лувсанг ард олны сайн эр гэж нэрлэж байжээ. Лувсан ядуу зүдүүгийн эрхээр баяд, ноёдод зарцлагдаж аян жин тээж,амин зуулгаа хийж явдаг байжээ. Тэр хосгүй их бяр чадалтай, том биетэй хүн байжээ.

Тус бүр нь гурван зуун кг жинтэй хоёр том чулууг долоон зуун метр газраас өргөн явж, тавьсан тухай Баяндэлгэрийнхэн өнөө хир хуучилсаар авай. Хүрз Лувсан гусай амбаны есөн эрүү шүүлтийг дажгүй давсан гэдэг

Г.Сүхээ

Эх сурвалж: “Монцамэ”


Top
   
PostPosted: May.29.12 3:20 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.28.10 5:25 pm
Posts: 2289
Location: Хэнийг ч битгий үзэн яд эцэстээ бүгдээрээ үхэхээс хойш
Хөлөө тастуулсан ч 2 жил ууланд бүгсэн шилийн сайн эр.

Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан сумын сумын хил дээр Цагаан уул хэмээх нэг уул байх. Өвөр тал нь Баянцагаан сумынх, ар хажуу нь Баацагаан сумын нутагт ордог хэмээн ахмад хүмүүс хэлдэг байсан санагдаж байна.

Манжийн засгийн үед Цагаан нэртэй нэг хулгайч тэр ууланд бүгчихээд ойр хавийн айл амьтанг сандрааж ичээж түйвээж хэрэг төвөг тарьж ажил удах болжээ. Хошуу ноён зарлиг гарган анчин гөрөөчин эрсийг цуглуулан өвлийн ид хүйтэн үер Цагааныг барихаар очжээ. Хашир анчид байгаа газрыг нь тодорхойлоод барихгүй бол харагдаж сэжиг авхуулвал ул мөргүй зугтана гэдгийг мэдэж байсан болхоор 2 өдөр уулын бартаа бүхий сархиаг холоос дурандан ажиглажээ. 2 дахь өдрийн үдээс хойш нэг анчин “ энүүхэн дээд хошууны ирмэгт саяхан бөөрөнхий хар чулуу байсанаа алга болчихлоо гэсэнээр тэр хошууг бүгд анхааран ажиглаж сайн эр Цагаан нуугдаж байгааг лавтай мэдээд гэнэдүүлэн баривчилсан гэдэг. Тэр алга болоод байсан хар чулуу нь тогоотой хоолоо хөргөхөөр түр тавьсан байсаныг нь хашир анчин анзаараад үүрийг нь мэдчихсэн гэдэг. Түүнийг хятад худалдаачдыг дээрэмдсэн хэргээр Улиастай руу явуулсан бөгөөд тэндээсээ оргох үедээ хоёр хөлөө тастуулсан учир түүнийг үхсэнд тооцон хэргийг нь хаажээ. Түүнээс хойш 2 жилийн дараа Цагаан ууланд бэлчээсэн хониноос нь нэг нь алга болсоныг мэдээд хайж явсан малчин хоёр хөлгүй Цагаан уулын агуйд амьдран сууж ойрхон өнгөрсөн мал сүрэг, амьтан шувууг бариж идэж байсаныг мэдээд гэртээ авчиран асарч тэнхэрүүлэн зөв замд оруулсан гэдэг. Цагаан 2 хөлгүй ч гарын уртай учир ойр зуурын багаж хэрэгсэл, тэрэг хийж амь зуусаар хорвоогийн жамаар хальсан гэсэн. Худал үнэнг мэдэхгүй ийм домог Цагаан уулын хавийн айлууд ярьдаг боловч үнэхээр Цагаан ууланд хүний амьдарч байсан агуй, тэгшилэн зассан ширээ болон сандал чулуунууд байдагийг сонсоод итгэлгүй өөрийн нүдээр очин харж байсан удаа бий. Зарим нэг хүмүүс энэ уул өмнө нь өөр нэртэй байсан нь шилийн сайн эр байсан Цагааныг насан хутагийг олсоний дараа ууланд нутаглуулан нэрээр нь амьдарч байсан уулыг нь нэрлэсэн гэж яридаг. шигтгээ: энэ уулын домгийг анх бага сургуульд байхдаа ангийн багшийнхаа өвлийн идэшний малыг Цагаан ууланд өвөлжиж байгаа айлаас тууж ирэх замдаа уулзсан өвгөнөөс уулын нэрийг асуусанаар сонсож байсан юм.


Top
   
PostPosted: May.29.12 3:25 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.28.10 5:25 pm
Posts: 2289
Location: Хэнийг ч битгий үзэн яд эцэстээ бүгдээрээ үхэхээс хойш
Энгүй их хүчтэй Монгол эрчүүдийн тухай хууч яриа...

Тэмээ өргөж тавьсан нь
Нэгэн цасан шуурганаар аварга Ш.Намхай арслан Нацаг нар босохгүйгээр хэвтсэн тэмээдийг дамжлан өргөж майхны хаяагаа дарж, дулаан хоносон гэдэг.

Эр хар суран чөдрийг тас татав
Даншигийн их аварга О.Дугар Аюур зайсан гэдэг эмнэг догшинтой айлд буудаллаж гэрийн эзний зангидаж буй чөдрийг үзээд нэлээн голонгуй байжээ. Аюур зайсан үүнийг хараад “Эр хар сурыг дөрөв дарж сумласан давхар суран алгатай, дөрвөн давхар хаатай ийм чөдөр хаа ч байхгүй, чи татаад үзэхгүй юу” гэж шаралхаж. Аварга ч ганцхан татаад тасалж үүнийг харсан гэрийн эзэн бахархан бахдаж нэр усыг мэдэлцэн танилцаж байжээ.

21 муугийн худаг
Урьд Сан бэйсийн хошуу Хөгнө хавийн бөхчүүд тэр үеийн долоон хошуу даншигт бөөнөөрөө морин хөсгөөр аялан ирэх замдаа нэг нэг өдрөөр урьдчилан ус олж аргал түлшээ базаадаг байж. Нэг өдөр Дугар аваргын ээлж болж явж байтал худагт толгойгоороо унаж үхсэн үхрийг татаж ноцолдож байгаа баахан хүмүүстэй тохиож. Тэдгээр хүмүүсийн гаргаж чадаагүй үхсэн үхрийг худгийн хашлага модтой мулт татан гаргаж. Цугласан хүмүүс нэр алдрыг асуухад аварга тэнд байсан хүний тоогоор 21 муу гэж хэлсэн гэдэг.

Морио үүрч хүрээ оров
Сүхбаатарын Мөнххаан сумын уугуул аварга Буянтогтох хүрээ орж явтал морь нь эцэж. Ингээд морио чирч гулдарч Туул ба Улиастайн голыг гаталж Наймаа хотын хойгуур явтал нэгэн баян лам таарч их л танимхайрхан “За Буянтогтох чиний нөгөө бяр тэнхээ чинь хаачсан наад муу морио ингэж чирч гулдарч байхаар үүрээд явахгүй яагаав” гэхэд аварга “Бяр ч яахав байна. Үүрээд явбал та юу хайрлахсан бол” гэхэд “Би энэ унаж яваа морио өгье” гэж. Тэгэнгүүт аварга “Эмээл, хазаартай нь өгнө биз дээ” гэхэд лам “Тэгвэл хүрээний баруун талд байгаа манай гэрийн үүдэнд очно шүү” гэж.

Аварга “Таны нэр алдар хэн бэ” гэвэл Өрлүүдийн Бүтэмж гэлэн гэдэг дээ гэж. Аварга угаас сэргэлэн хүн тул орлого олз олох эх үүсвэр энэ гэж дотроо бодоод хормойгоо шууж бажгар дурдан бүсээрээ морио боож үүрээд алхаж гарч. Богдын хүрээний дундуур орж Батгүний урдуур Сэлбийн улаан модон гүүрээр гарж алхсаар Гандангийн зүүн хүрээ өөд өгсөж ламын үүдэнд очин морио буулгаж мөрийгөө авсан аж. Гандангийн өөд өгсөж явахад цээжнээс нь цус амтагдаж байсан гэж хожмоо амьд сэрүүндээ дурсан ярьж байжээ.

Бухыг номхруулсан нь

Буянтогтох аваргатай бяр сорьсон бас нэг явдал таарч. Нутгийн баян айлд зочилж дараа нь гадаалж байтал айлын догшин бух ирж, тэдний бухтай мөргөлджээ. Үүнд гэрийн эзэн их сандарч “Бухыг минь гэмтээчих вий. Энэ хоёрыг чинь яаж салгадаг юм билээ дээ. Буянтоо чи ч салгаж чадахгүй биз” гэхэд Буянтогтох үзье байз гээд тэр хоёр бух руу ойртон дунд нь малгайгаа хаяж орхиж хоёр бух ч орилон өөд өөдөөсөө ухасхийтэл аварга хажуугаас нь ухасхийн дайрч хоёр бухын нэг нэг эврээс ёзоордуулан барьж аваад хоёр тийш нь (гэдрэг) алдлан татжээ.

Аварга хоёр тийш ухруулан татаж гүйцээмэгц хоёр бух ч Буянтогтохын гарыг дийлэн өөд өөдөөсөө зүтгэж хариугүй хүрдгийн даваан дээр дахиад л Буянтогтох нь дийлж хоёр тийш татаж салгасаар нэлээд удаж. Эцэст нь аваргын гар цуцан хаяж орхиж. Харин хоёр бух эргэж мөргөлдсөнгүй, хоёр тийшээ салан оджээ. Ингэхээр аваргад хоёрын зэрэг бухны тэнхээ байжээ.

Шавраас үхэр гаргав
Төв аймгийн Баян Рэнчин гэж (нутгийнхан хөмсөг Рэнчин гэх) нэлээд хүдэр эр айлд очоод явж байтал нуурын хөвөөний хаяанд морио сойчихсон нэг хүн байж байхыг хараад очжээ. Очтол Буянтоо аварга байна гэнэ. Аваргын нэг үхэр нуурын шаварт шигдэж. Аварга Рэнчинг харж бөөн баяр болж “Ашгүй чи ирлээ, би ийм л азтай золиг байгаа юм” гээд олзуурхаж. Ингээд үхрээ татан гаргах болж. Авара Рэнчинг “За чи олигтойгоороо урьд нь ор би араас нь татья гэсэн гэнэ.

Ренчин угаас бяртай ч залуу ч хүн байж. Сэтгэлд нь багтаад татаж. Гэвч хөдөлгөсөнгүй. Аварга араас нь татаж байгаа юм уу үгүй юм уу бүү мэд. Тэгтэл аварга ганцаараа би нэг үздэг юм уу гээд татсан чинь шууд чирж гаргаад ир. Тэгээд Рэнчинд “Би чамайг овоо тэнхээтэй юм байж гэж бодсон хариугүй эр шив дээ” гэж ёжилжээ.

Орсон буурыг номхотгов
Сэцэн ханы алдарт аварга М.Дашрэнцэн нэг өвөл адууны эрэлд явж дээ. Говирхог нутагт ороод явж байтал хэсэг тэмээний захад орсон буур цээжээ хүржигнүүлэн шавж байснаа өөрийг нь чиглээд ирж гэнэ. Дашрэнцэн мориноосоо бууж, чирсээр яваад гадас шиг шовх болсон уурганыхаа ёзоороос тохой хиртэйг хугалан эмээлийнхээ тохмыг авч зөөлөвч болгон цээжиндээ барьж нөгөө модоор тулан хүн барьдаг догшин хар бууртай халз тулаанд оржээ.

Хоёр хүчтэн бие биенээ тулан тийш тийш түлхэлцэн хэсэг байжээ. Уурганы шовх ёзоор буурын цээжинд агших агшинд М.Дашрэнцэн гэнэт үсрэн зайлбал нөгөө буур хүчиндээ газарт налан унахдаа мөнөөх модонд сүлбүүлэн үхсэн гэдэг. Гэрийн эзэнтэй замдаа таарч “Таны замд нэг хар буур таарав уу. Хүн барьдаг айхавтар буур байгаа юм” гэхэд “Таарсан, би барилдаад давлаа” гэхэд алдар нэрийг нь сонсон биширсэн аж.

Эгэлгүй хүчтэн
Увс аймгийн нутагт арван Баядын Гонгио гэгч их том биетэй, эгэлгүй хүчтэй сайн бөх байж. Түүний бяр тэнхээний талаар олон домог ард түмний дунд үлджээ. Гонгио нүүх гээд ачлага олдохгүй болохоор гэрээ баглаж үүрээд ээжийгээ дээр нь суулгачихаад огт түүртсэн шинжгүй хол саахалт хиртэй нүүж байсан гэдэг. Бас нэг өвөл хээр хөдөө явж байтал араатан мэт хүн барьдаг айхавтар бууртай учирч гэнэ.

Буур ч Гонгиог харчихаад захлан зогсож байснаа дайраад ирлээ гэнэ дээ. Тэгэхээр нь мань эр урд хоёр хөлийг нь давхар хамж унагаад хойд нэг хөлийг нь хүчлэн татаж ирээд борвиор нь соёо шүдэнд нь тээглүүлж орхиод яваад өгсөн гэдэг.


Top
   
PostPosted: May.29.12 3:29 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.28.10 5:25 pm
Posts: 2289
Location: Хэнийг ч битгий үзэн яд эцэстээ бүгдээрээ үхэхээс хойш
Шилийн сайн эрсийн анхдагч нь Дарьгангын Манжийн эзэн хааны сүрэгчин Торой банди" "Төрийн бөөс" хэмээн алдаршсан Нанзад /1834-1904/ юм. Тэрээр 1860-аад оны үед Цахар найман хошуунд төдийгүй Халхад ихэд нэрд гарсан шилийн сайн эр байжээ, Нанзадын уг гарал нь Цахар хүн. Тэрээр 1830 онд одоогийн Бударын чулуу" хэмээх газар төржээ. Нанзадыг бага байхад эцэг нь насан өөд болж эхийн хамтаар ядуу тарчигхан амь зууж байв. Эхийн хүсэлтээр багадаа "Бургасан дуганд" шавилан сууж байсан боловч лам багшийн элдэв харгислалыг үл тэвчин дуганаасаа оргон гэртээ иржээ. Тэр цагаас эхлэн ядуу ардын зовлон зүдгүүрийг үл ойшоогч ноёд баяд, харийн худалдаачдын эсрэг эр бяр, зориг хүчээрээ тэмцэж эхэлжээ. Түүний энэ тэмцэл нь зөвхөн амин хувийн ашиг сонирхлоо бодсонгүй хошуу нутгийнхаа ядуу дорой ард олонтой олсон олзоо хуваан тараадаг байсан нь нутгийн олондоо хүндлэл хайрыг олсон. Нанзад бол хурц сэргэлэн, эрэлхэг зоригтой хүн байсан төдийгүй маш сайхан дуучин, хөгжимчин байсан гэдэг. Нанзадыг цээлхэн сайхан хоолойгоороо, гайхамшигтай сайхан хуураараа уяруулан дуулж хуурддаг байсан хэмээн нутгийхан хуучилдаг. Торой банди насан өндөр болоод Шартын хад, Таван толгой, Ээлт хошуугаар нугаглаж байгаад 1904 онд насан өөд болсон. Тоорой банди буюу Нанзадын намтрыг судлах ажил судлаачлын сонирхлыг ихэд татаж байв.







Тоорой банди гэж хэн байв ...

Хэдийгээр түүний намтар түүхийн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдээгүй боловч нутгийн ард олны дунд аман түүхээр хадгалагдан үлджээ. Тиймээс ч эрдэмтэн судлаачид Нанзадтай холбоотой домог түүх, ардын дууг гол хэрэглэгдэхүүн болгон судалсан байдаг. Нэрт Монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов "Монгол ардын аман зохиолын жишээнүүд" номондоо Тоорой бандийн дуунаас хэдэн бадгийг оруулсан байна. Тэрээр Торойн дууны тухай судалгаа хийсэн төдийгүй Торойн дууг нийтэлж, монгол ардын аман зохиол буюу ардын дууг сонирхох гадаадын монголч эрдэмтдэд анх удаа танилцуулсан байна. Үүний дараа Ц.Дамдинсүрэн 1944 онд "Торой банди" хэмээх өгүүлэл бичиж Үнэн сонинд хэвлүүлжээ. 1957 онд О.Жамбалжамц Торой бандийн домог, хууч яриаг цуглуулан нэлээд хэдэн жил боловсруулан "Торой банди" хэмээж жүжиг найруулан Сүхбаатар аймагт тоглуулсан юм. 1958 онд Бавуудорж "Торой бандийн тухай" хэмээх бэсрэг ном хэвлүүлсэн нь Нанзадын намтар түүхийг тодруулах чухал хэрэглэгдэхүүн болжээ.

Ц.Дамдинсүрэн гуай "Торой банди бол сайн эр, муу хулгайч хэмээх хоёр нэртэй явсан хүн. Ардууд түүнийг сайн эр гэж магтдаг. Ноёд, хятадын зальхай худалдаачин түүнийг муу хулгайч гэж занадаг байсан... Торой банди бол тэмцэлт хүн хэмээн нотлон бичсэн" байна.

Нанзадын олонд алдаршсан "Тоорой банди" хэмээх нэрийн тухай асуудал нэлээд маргаантай байдаг. Тухайлбал, "Торой банди", Тоорой банди" гэх зэргээр чухам аль нь зөв байх тухай асуудал юм. Судлаачид эдүгээ дээрх хоёр янзаар бичдэг боловч эдгээр хоёр үгний угга санаа нь нэг мэт санагдана. Судлаач Ц.Бавуудорж "Торой банди" гэж бичих нь зүйтэй бөгөөд "Тоорой" хэмээх нь гахайн зулзагын торой биш, сарлагийн торой биш, харин өөр утгатай. Тоорой банди хошуу нутгийнхаа ард түмэн өөрийн туүхийн ярих дуртай өвгөн байсан гэж Дарьгангачууд ярьдаг. Торой банди Торой би торойгоод л байлаа" залуудаа. Арван тавны цагдаатай адил мордоод л хулсан шаргатайгаа торойгоод л заларчих л эр юмсандаа хөө гэж ярьдаг гэнэ. Хүрээний шоронгоос оргож гараад арван тавны цагдаа хэмээн алдаршсан цэрэгт хөөгдсөн ба хулсан шарга морьтой байсан нь үнэн. Иймээс энэ домог бол үнэн болов уу гэж санана" гэжээ. Б.Я.Владимирцов "Монгол овогтны аман зохиолын жишээ" хэмээх номондоо Торойн дууг галигчлан тэмдэглэхдээ "Тора" хэмээх нутгийн аялгуугаар тэмдэглэжээ. Харин Г.Жамсранжав "Торой банди" хэмээх өгүүлэддээ "Тоорой" банди хэмээн бичиж "Тооройлох" гэдэг үгнээс гаралтай хэмээн тайлбарлажээ. Харин бид үзэхдээ дээрх хоёр нэр бол бичлэгийн хувьд хоёр өөр янзаар бичигдэж байгаа боловч угга санаа нэг байна. "Торой банди" хэмээх нь олны дундаас эр чадал, авхаалж самбаагаараа торойн гарсан банди гэсэн утга санааг агуулдаг бол Тоорой банди" гэдэг нь элсэн говь цөлд байгалийн хатуу шалгуурыг даван өнө удаан жил ургадаг мод бол "Тоорой" мод билээ. Тиймээс Монголчууд эр зоригийн модыг "Тоорой" хэмээн нэрлэдэг. Мөн Нанзад багадаа хүрээ хийдэд шавилан сууж байсан мэдээ бий, Тэгэхлээр "Тоорой банди" хэмээх нэр бол эр зоригоороо гайхагдан шалгарсан хүнд олгодог цол юм. Учир нь Нанзадыг нас барсны дараа 40 гаруй сайн эрчүүд өөрсдийгөө "Тоорой банди" хэмээн нэрлэж байжээ. Тэгэхээр "Торой банди", "Тоорой банди" хэмээх нь хоёулаа "шалгарсан, торойсон" гэсэн нэг утга санааг агуулж байна.

Эдүгээг хүртэл Дарьгангачуудын дунд Тоорой бандийн тухай олон домог түүхийг хүүрнэн өгүүлсээр байдаг. Тэдгээрийн заримаас энд өгүүлье.



Домог нэг.
Нэг удаа Тоорой банди баяд ноёдын адуунаас авсан адуу малаа үгээгүй ядуу дорой ардуудад тарааж явахдаа нэг ядуу хүнд морь өгчээ. Тэгээд тэр хүнд энэ морийг....газрын ....түшмэлийн адуунаас авсан юм шүү. Адуучин нь ирээд морио үзэж танивал Тоорой өгсөн" гэж хэлээрэй. Хэрэв морио авч явбал надад хэл хүргүүлээрэй гэж хэлээд явжээ. Удалгүй нөгөөх түшмэлийн адуучин ирээд морио үзэж таниад авахад нь "Тооройгоос авсан" гэж хэлсэн боловч нэмэр болсонгүй. Тэр хүн энэ тухай Тоорой бандид хэл хүргүүлжээ. Үүнийг сонссон Тоорой банди өөрийн нөхдийн хамт нөгөө түшмэлийн адуунаас шилж байгаад 20 адуу авсан гэнэ. Түүнээс хойш Тоорой банди "Төрийн бөөс" хэмээн аддаршсан бөгөөд баяд ноёдууд алдсан адуу малаа үзэж таниад "Тоорой өгсөн" "Тооройгоос авсан" гэвэл буцааж авдаггүй байсан гэдэг.



Домог хоёр.
Тоорой банди хүрээний шоронгоос ардуудын тусламжгайгаар гараад Дарьгангаа чиглэж мордсон гэнэ. Түүний оргож зугтсаныг мэдээд арван тавны цагдаа хэмээн аддаршсан цэргүүд нэхэн хөөсөн гэнэ. Тоорой банди баригдахгүйн тулд зугтаасаар л байж. Хойно өмнөө орж хөөцөлдсөөр байгаад Дарьганга нутагт хүрчээ. Тоорой банди Алтан-Овоо буюу Дарь Овоонд нуугдах гэж бодсон бололтой, тэр ууланд гарсан гэнэ. Цагдаа нар ч мөн самбаатай эрс хойно, хэдийнээ мэдээд Дарь Овоог гурван талаас нь бүсэлжээ. Цагдаа нар бүслэлтийн аргад ихэд мэргэжсэн бололтой. Дарь Овооны өмнө тал нь эгц тул морьтой хүн бууж чадахгүй хэмээгээд, зүүн, баруун, хойно гурван талыг нь бүслээд уул өөд мацацгааж гэнэ. Гэтэл моринд сайн, арга самбаатай Тоорой банди цагдаа нарын бодлыг хөсөрдүүлэн, Дарь Овооны эгц уруу ажигч үгүй буугаад арилаад өгч гэнэ. Ийнхүү цагдаа нарын мэргэн гэсэн арга нь Тооройн хэцүүг дийлсэнгүйд уурласан бололтой уулан дээрээс ширүүхэн буугаад л бас нэхэж гэнэ. Нэхээд нэхээд яахав дээ! Тоорой банди бараа сураггүй арилж өгчээ! Алтан овоо буюу Дарь Овооны эгцхэн урд уруу нь буусан тод замыг Дарьгангачууд "Тооройн зам" хэмээн нэрлэдэг .



Домог гурав.
Тоорой банди бас нэгэн удаа арван тавны цагдаад мөн л хөөгдөж байв. Тоорой банди цагдаа нараас зугтсаар байгаад морь нь муудсан гэнэ. Цагдаа нар ч гүйцэхээр ойртжээ. Гэтэл самбаатай сэргэлэн Тоорой банди их элсэнд ороод мориныхоо эмээлийг авч чөдөрлөж орхиод хэсэг үхэр байснаас нэгийг барьж унаад дээлээ эргүүлж өмсөөд цагдаа нарыг өөдөөс явж гэнэ. Гэтэл цагдаа нар түүнтэй уулзаад "Тоорой аль зүг рүү гарав" хэмэөн асуужээ. Тоорой хариуд нь "аа? Бүү мэд! Тоорой ч юм уу? Хэн ч юм бэ? бүү мэд, нэг ядарсан морьтой хүн урагшаа явж гарсан, тэр гүдгэрийн араар саяхан орлоо гээд алсыг заачихаад явчихсан" гэнэ. Цагдаа нар одоохон Тооройг барих минь гээд зөрөөд л ум хумгүй давхиж одоцгоожээ. Тоорой банди цагдаа нарыг тэгж хуурч өнгөрөөгөөд эргэж морио унаад зүг буруулан явжээ. Цагдаа нар үхэр унасан хүний зааснаар яваад яваад юу ч олсонгүй, бараа ч харсангүй тэр ч байтугай мөр ч олж үзсэнгүй гэнэ. Тэд хуурагдсанаа мэдээд түрүүчийн газраа ирэхэд үхрээс өөр юм байсангүй. Ингээд орой болж нар жаргаад цагдаа нар буцаж Тоорой банди тэднээс мултарч чаджээ.



Домог дөрөв.
Тоорой банди Баяндэлгэрийн баруун биед хоёр сайн эр байдгийг дуулаад эрж сурж явсаар олж уулзжээ. Тоорой тэдэнтэй уулзаж мэндэлж, улмаар танилцаад та хоёрт авч чадаагүй юм байдаг уу? хэмээн асуужээ. Тэгэхэд цаад хоёр нь баруун хойно нэг баян тангадынхаас хурдан шарга морийг нь авч чаддаггүй юм гэжээ. Бас энэ нүхний мухрыг нь үзээгүй байгаа. Ийм л хоёр юм чаддаггүй улс даа гэж хэлэв. Ингээд Тоорой банди тэр айлаас хурдан шарга морийг нь нийлж хулгайлахаар тохиров. За тэр айлаас морийг нь авахаас өмнө нэг хонийг нь авч ирье! Та хоёрын нэг нь миний мориор яв! Миний морь хотных нь захад хүрээд л мөлхөод явчих нь. Тэгэхлээр нь хоттой хониноос нь нэгийг шүүрч аваад гараарай! харин чөх! гэж хэлж болдогтүй юм шүү! гэж захижээ. Нөгөө сайн эр хэлсэн ёсоор очиж нэг хонь шүүрч аваад дүүртэл нохой боорлож, сандрахдаа "чөх” гэтэл морь нь суга үсрэн хулгайч маань хонио тэврээд хотонд нь үлджээ, Морь нь эмээлтэйгээ эзэн Тооройдоо давхиад ирж, Тоорой ч нөгөөх маань хонио тэврээд хотонд нь үлдэж гэж мэдээд маргааш нь үлдсэн нөхрөөр нь баахан жижиг чулуу түүлгэж богцонд хийж ганзагалаад ноён хүний хувцас гаргаж өмсөөд баян тангадынх руу бараалхжээ. Тэр айлынхан за ноёнтон, хаанаас хаа хүрч явна вэ? манайд хулгай ороод барьж авсан гэх зэргээр л баахан юм ярьж байна гэнэ. Аа! Би эзний сангийн мөнгө хураагаад явж байна. Өнөө орой хөсөгнөөсөө салчихлаа, энд саатна л гэж сууж гэнэ. Ээ зайлуул! Тэгэлгүй яахав!? Ноёнтонд хоол унд орон байр... гээд их л хал болж байна гэнэ. "Ноён" /Тоорой/- тэр хулгайчаа илүү гэрт оруулаад, манаа гаргаад сайн харж бай! Миний юмыг ч гэсэн манаатай, хүлээтэйгээр тэнд оруулчих гэж. Тэгээд мөнгөндөө ойр унтана гэж илүү гэрт ор дэр засуулжээ. "Ноёнтон" дэрэн дээр толгой тавингаа унтаж хоёр манаа харсаар байгаад үүрээр дуг хийжээ. Тэр хооронд нь нөгөө нөхрийнхөө хүлээсийг нь тайлж, морио унуулаад богцтой чулуугаа ганзагалуулан явуулчихаад өөрөө, унтаа мэт байсан чинь өглөө сүйд майд болжээ. "Ноёны морь алга”, "хулгайч алга", "мөнгө алга" хэмээн үймж байна гэнэ. Ноёнтон сая л сэрж байгаа хүн болон босож, за эзний сангийн мөнгө алддаг ч зэвүүн хэрэг байна даа! Мөн ч тоогүй болж дээ! Толгойгүй гэсэн үг! Надад нэг хурдан морь байвал арга байна гэж хэлжээ. Гэтэл ноёнтон минь! аргалж үз! Аминд минь ор! Манайд нэг хурдан шарга морь байдаг юм. Түүнийг унаад яв, амь өршөөхийг л та хичээгээрэй гэж хэлээд Тоорой бандид баахан өргөл барьц өгч хурдан шарга морио унуулаад явуулжээ.

Домог тав.
Хүрэхгүй, очихгүй газар үгүй байсан Тоорой банди өөрийн цаашдын хувь заяаг мэргэлүүлж зам мөр, хэтээ болгоолгох бололтой говийн их мэргэн ноён хутагтынд нэгэн удаа хүрэлцэн очиж ороход Ноён хутагт "Шагайт" зооглон сууж байсанд Тоорой мэнд амрыг нь асуун суужээ. Гэтэл ноён хутагт Тооройгоос үг ч хүлээлгүй, "Шагайт"-ынхаа шагайг мулт мушгаад нэг хоёр орхитол "морь" босчээ. Ноён хутагт тэр морио "морь" чигт нь нь Тооройд үг хэлэлгүй өгөөд санасанчлан уншлага залбирал үйлджээ. Түүнийг нь аваад Тоорой энэ мэргэн хутагт чиний амьдрал морин дэл дээр юм байна. Морин дээр хийморь чинь дэлгэрнэ. Морьтой нөхөрлө, морь чиний хань гэсэн айлттал байна гэж ухаараад буцсан гэдэг.


Top
   
PostPosted: May.29.12 4:54 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.28.10 5:25 pm
Posts: 2289
Location: Хэнийг ч битгий үзэн яд эцэстээ бүгдээрээ үхэхээс хойш
Мөнгөн-Паваг
Ар Өвөрт алдршсан шилийн сайн эр Мөнгөн-Паваг бол 19 дүгээр зууны гуч дөчөөд оноос хори дугаар зууны арваад он болтол амьдрач байсан түүхэн үнэн хүн юм. Түүний нутгийн тухайд Халхын гэх юм уу Сүнидийн гэж хоёр зүйлээр яридаг.

"Мөнгөн-Павагийн гэр нь Хоргын хойт талын уулны хавиар байв, тэднийх Сүнидийн Хянган сумаас нүүж очсон айл байж мэднэ. Одоогийн Бүтэмж сумны Бяан нуур гацаанд байгаа өндөр Гэмпил гэдэг хүн Мөнгөн-Павагийн жээ болох ёостой" гэж нутгийн буурал Алтан-Очир гуй наадад хуучилж байсан юм.

Тэрээр хар багаасаа өнчин өрөөсөн болхоор садан төрлөө түшиж бор өдөр шар хоногийг өнгөрүүлж байжээ. Мөнгөн-Паваг гэж бие бялдар том сүрлэг, хүч чадал ихтэй сайн эр байжээ. Энэ том эр маш их иддэг болхоор хэзээд гэдэс дундуур явдаг байжээ. Мөнгөн-Паваг 13 настайдаа нэгэн харгис баяны хонийг хариулж яваад хөдөө хургаар нь шөл ууж, шилийн сайн эрчүүдийг дагаж явжээ. Ингээд тэр "хариас хавирага хуулах" Шилийн сайн эрийн замд гарсан юм. Тэр ерөөс ядуу айлын малын сүрэгт уурга дүрж үзээгүй гэдэг бөгөөд дандаа баяд ноёдын сүрэг, голцуу наймааны жинг тонон дээрэмдэж, ядуу амьдралтай түгээдэг байжээ.

Мөнгөн-Паваг тухайн үеийн Халхын сайн эр Хүхэн хутагт, Ганган-Төгөс нартай холбоотой байж, хилийн ойролцоо байгаа Номгон уулаар түшиц болгон оргонож наймааны жинг тонон дээрэмдэж, аймаг хошуу алслан давхиж, баяад ноёдын адуун сүргийг уулгалдаг байжээ. "Баяан баргын манаа" гэдэг дуу нь эдгээр шилийн сайн эрчүүлийн тухай бичсэн дуу гэж ярицгаадаг.

Тухайн үед нэгэн баяны арван зургаа долоон настай хүү "Шилийн сайн эр" болхын төлөө "Мөнгөн-Павагт" шавь орхоор гуйсанд Мөнгөн-Паваг зөвшөөрсөнгүй. Гэтэл жаал хүү гуйгаад байхлаар арга буюу нүдийг нь тагалж Номгоны агуйд дагуулан оржээ. Нэг л битүү харанхуй нүхээр ороод дээш өгсөн яавсаар гэнэт хүйтэн салихь үлээж байв. Мөнгөн-Паваг жаал хүүгийн нүдний боолтыг авахад түүнд агуйн хана дүүрэн хураасан мөнгөн ембүү харагдаж, цааш харахад нуурын хөвөөнд оосор бүчгүй гурван цагаан монгол гэр домбойж, төмөр гинжээр уясан гурван чоно хотныхны захд хэвтэж байжээ. Ингээд "Мөнгөн-Паваг" гэдэг нэр даяарт алдаршан Номгон уулын навтаг савтаг түүнийг ивээж, тэр ч Номгон уулаа шүтэж, шилийн сайн эрийн амьдарлаа үргэлжлүүлсээр байжээ.

Түүний нэг нас бол засгийн эрхэн дэх харгис ноёд, хөрөнгөдөө эрдсэн ховдог баядтай тэмцсэн нэг нас болхоор Мөнгөн-Паваг цаг ямагт амь насны аюулд тулгарч байжээ.

Хан уулыг цас дарж, хайран биейг нас дарав гэдгээр хожим нь Мөнгөн-Паваг гуй өтөлж, санчигд нь хяруу бууж эхэлжээ. Ингээд тэр өөрийн тусалж дэтгэж байсан айлуудаараа хоноголж явдаг болж гэнэ.

Зуны нэгэн өдөр Мөнгөн-Паваг Дөрөвдийн танил айлдаа очоод үдийн халуун наранд маншууран унтаж байхад тэр айлийн эзэн толгойд нь сүх хийчгэж гэнэ. Мөнгөн-Паваг цочин сэрээд толгойд нь шаалттай сүхээ санжагнуулан өнөө эрийг монгол гэр тойруулан тууж гэрийн зүүн өмнө туурганд байсан буугийн ишд гар нь хүрээд үнасан гэнэ.

"Мөнгөн-Паваг"-ийн нэг нас бол тухайн үеийн харгис, шудрага бус нийгэмтэй үзэлцсэн шудрага ёсны тэмцэл болох юм.

Ард түмнийхээ дунд мөнхөрсөн "Мөнгөн -Паваг"-ийн тухай домог маш олон байдаг юм.


Top
   
PostPosted: May.29.12 4:59 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.28.10 5:25 pm
Posts: 2289
Location: Хэнийг ч битгий үзэн яд эцэстээ бүгдээрээ үхэхээс хойш
Thanksall wrote:
Өөлдийн шар баатарын тухай домог


Манай нутагт олон зуун жилийн тэртээ төрөлх нутгаа харийн дайсан Манжуудаас хамгаалалах шударга түмний тэмцэл өрнөж байсан үед гэнэ. Өөлдийн Шар баатар гэгч халх нутгаа халдаж ирсэн дайснаас хамгаалахаар монгол орныхоо баруун хойноос зүүн өмнийг хүртэл тулалдаж эх нутгаасаа эзэрхэг дайсныг хөөн тулалдсан юм гэнэ. Тэр баатар атаатныг дарахад ялалттай ирдэг, авд унахад ганзагатай явдаг, жолоо юугий нь татахад жороолонхон бөмбөлздөг, цулбуур юугий нь татахад цулгуйхан хатирдаг давирсхийгээд хөдлөхөд давхийгээд цойлдог Дарви хээр нэртэй даамай сайхан ажнай хүлэгтэй юмсанжээ.

Гэтэл манжийн хааны Хар баатар гэгч харагдаж үзэгдсэн бүхнээ хурмын төдийд хиаруулж устгадаг далдын ид шидтэй, тун ч олон цэрэгтэйгээ довтлон ирэхэд нь Дарви хээр нэртэй даамай хурдан хүлэг морио эмээллэн унасан Өөлдийн шар баатар одтой шөнө ч тулалдана, нартай өдөрч дайтна хэмээн домогт Хүйсийн говийн захад дайчин нөхдийнхөө хамт амдан тосож байлджээ. Тэрсэлдэгч хоёр баатар эр чадал, эрхий мэргэнээ сорилцон, эрэгчин эмэгчнээ үзэн эрслэн тулалдахад холын хоёр уул нийлэн, хонхор газар овойж, тэнгэр огторгуй нэг харанхуйлж нэг онгойж, ус нэг үерлэн нэг татарч, үй олон түмэн үймэн шуугиж байсан гэнэ. Өөлдийн Шар баатар дарвидаг хээр морьтойгоо сайн өртөө газар сайварлуулан хулжиж очоод мэхийдэггүй мэргэн нумаа мэхийлгэн татаж, мэнчийдэггүй эрхий хуруугаа мэнчийтэл хантайрч манжийн Хар баатрын өр зүрхэнд нь онилон харваж, ор сураггүй болтол нь намнахад нар нэг мандаж, навч цэцэг нэг дэлгэрч, сар нэг гарч, сайхан бүхэн цогцолж гэнээ.

Ингээд Өөлдийн Шар баатар үлдсэн дайсныг дарахаар урд зүгийг чиглэх болсонд унасан морь нь сульдсан учир (ахин нэгийг юүлэхдээ арвай хээрийг барьж эх нутгаа чөлөөлөхөд эрхэм түүхийг бүтээж явсан хань болсон хайрт хүлэгтээ зориулан овоо босгож үлдээгээд тэр газраа Дэл цахир гэж нэрлэсэн гэнэ. Учир нь Дарви хээр нь цахир дэлтэй морь байжээ. Уул овоог босгоход баатрын тушаалаар цэрэг бүр нэг чулуу тавьж босгосон гэх тул тэр баатрын хичнээн цэрэгтэй явсныг мэдье гэвэл Дарвийн нурууны “Алаг нянгар” гэдэг уулан дээрх овооны чулууг тоолбол мэдэх юм гэлцдэг. Сульдаж хоцорсон Дарви хээр тэнхэрч хожим нь овоо тахилгын наадамд олон удаа түрүүлж ихэд алдаршжээ. Уг морины нэрээр түүний идээшиж тэнхэрсэн их нурууг Дарвийн нуруу гэж нэрлэх болсон байна.

Өөлдийн тэр баатар монгол нутгаа гурван сайхан хээр мориор туулахдаа морьдынхоо сульдаж хоцорсон газар нутгийг нэрээр нь нэрлэн үлдээдэг байснаас Дарви хээр, Арвайхээр, Сулин хээр гэдэг гурван морины хоцорсон газар одоо ч түүгээрээ нэрлэгдсээр байдаг гэсэн нутгийн ардын домог бий.


Top
   
PostPosted: May.29.12 5:00 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.28.10 5:25 pm
Posts: 2289
Location: Хэнийг ч битгий үзэн яд эцэстээ бүгдээрээ үхэхээс хойш
NAIMAN-NOMAD wrote:



Хатан бүүвэй баатар


Эрт урьд цагт халхын Аралдай тайж гэж байжээ. Аралдай тайжийг алс газар явж байхад нь өөлдийн шар баатар хаан ирж мал хөрөнгө, авгай хүүхдийг нь дээрэмдэн өөрийн нутагт авч явжээ. Хааны зарц өвгөн эмгэн хоёр дээрэмдсэн үхэр сүргийг нь тууж явж гэнэ. Нэг шөнө үхрээ хурааж хэвтүүлээд унтаж байтал үхэр дотор нь нялх хүхэд уйлахад ихэд гайхан хоёулаа гарч харжээ. Нэг том шарны эвэрт өлгийтэй хүү өлгөсөн байж гэнэ. Өвгөн эмгэн хоёр үр хүүхэдгүй байсан учир их л олзуурхан авч, хүүг тэжээж өсгөхөөр шийджээ. Ингээд уул нутагтаа иртэл өдөр нь үхрийн эвэрт өлгөж, шөнө нь гэртээ оруулж, хуурайлж асарсаар гэртээ авчиржээ.

Хүү өсөж торниод суүлдээ хааны адууг малладаг болжээ. Хүү ч чөмөгтэй хулсан уурга барьж, монгол дээлийн энгэрийг задгай тавьж монгол ардын дуу аялан давхидаг байж гэнэ. Үүнээс өөлдийн шар баатар хааныхан сэжиг авч өвгөнийг байцаахад:
-Дайнд сүйрсэн нэгэн эмэгтэй амь зугатан гарахдаа үхрийн эвэрт өлгийтэй хүүхдээ өлгөөд явсныг олж авч тэжээж хүн болгосон билээ. Энэ хүн холын хүн гэдгээ мэдэх ёсгүй. Тэгэхээр энэ хүүг хардаж сэрдэх юм байхгүй. Эмгэн бид хоёрын гарсан хүү гэж үзээрэй гэж гэнэ. Удсангүй шар баатар хаан Булгийн гурван овоог тахих болов гэж сонирхон ярилцаж байв. Өвгөний хүүгээр овоо тахих гэж байгааг өвгөн эмгэн мэдэж хүүгийнхээ сэтгэлтэй бүсгүйд сонсгожээ. Өвгөний хүү уул нь Аралдай баатрын хүү байжээ. Шар баатар хаанд олзлогдоход Аралдай тайжийн эхнэр зарцаараа үхрийн эвэрт өлгүүлжээ. Хэрэв шар баатар хаан мэдвэл энэ хүүгийн ирээдүйд дайсагнана хөнөөж магадгүй, үхрийн эвэрт өлгөөтэй явбал хэн нэгэн хүн авч магадгүй гэж боджээ.

Хүүгийн эх, өвгөн эмгэн, сэтгэлт бүсгүй нь хоорондоо амийг нь аврах арга ярилцжээ. Сэтгэлт бүсгүй нь адуугаа манаад ирэхээр нааш явуул гэжээ. Өвгөн хүүг сэтгэлт бүсгүйнд явуулж гэнэ. Тэр бүсгүй: Чи булгийн гурван овоог тахих гэж байгаад баяртай байна уу гэж асуужээ. Баяртай байлгүй яахав гэж инээмсэглэжээ. Бүсгүй санаа алдаж баярлах юм байхгүй, чамаар овоогоо тахих гэж байгаа юм шүү гэхэд сандарч гайхан: Яагаад надаар овоо тахидаг билээ хэмээв. Аралдай тайжийг алс хол явах хойгуур шар баатар хаан дайлаар очиж, адуу мал, ард олон, чиний эхийг олзолж авчээ. Эх чинь Шарбаатар хааны эхнэр болж байна. Чамайг үхрийн эвэрт өлгөөд явсаныг өвгөн эмгэн хоёр олж үрчилж авсан юм гэжээ. Одоо эх чинь мэдсэн. Бид чиний амийг аваръя гэж шийдлээ. Чи өнөөдөр адуугаа туугаад яв. Гурван өдөр ус ч уулгалгүй, өвс ч идүүлэлгүй талд ээрч байгаад туугаад ир. Тэгээд голын зах дээр очиж мориныхоо эмээл хазаарыг авч, хазаараа дэлгэж, тохмоо дээш харуулан тавиад хараад сууж бай. Бүх адуу чинь усанд орж ус ууна. Сайн ажиглаарай. Нэг морь тал хомоолоор бааж зогсож байгаад тохмон дээр чинь ирж хөрвөөж, хазаарын чинь амгайг зууна. Түүнийг унаад ирээрэй гэж бүсгүй захижээ.

Хүү бүх зүйлийг ёсоор гүйцэтгэж, нэгэн цагаан морийг унаж маргааш нь бүсгүйд иржээ. Бүсгүй бэлтгэсэн цай хоолоо өгчээ. Чамд шар баатар хаан:
-Овоо тахих баяр наадам болох гэж байна. Сайн морь барьж уна. Сайн дээл хувцасаа өмс гэх байх. Тэгэхээр чи морь, хувцас аль нь намайг голохгүй гэж хэл. Эхний овоог тахихад мориныхоо цулбуурыг тахимдаа хавчуулж зүүн хойшоогоо хараад суучихаарай. Адуучин хүү овоо тахилц гэхээр шууд мориндоо мордож Аранзадын унага харайх боллоо. Аралдай тайжийн хүү харих цаг боллоо гээд овоог нь бугуйлдан унагаад зүүн хойшоо зугтаарай. Чамайг тал талаас чинь барих гэх байх. Чиний морь гүйцэгдэхгүй явна. Олон хоног хөөнө чи ядарна. Нойр хүрэхээр нь энэ гурван ташуурыг хоёр гартаа барьж, дунд баримыг эмээлийн бүүрэгэн дээр тавьж унтаад яв. Бүүрэгнээс ташуур чинь мултарч чамайг сэрээнэ. Ам чинь цангаж гэдэс чинь өлсөнө. Энэ богцонд хийсэн жижиг хуруудыг хүлхээд яв. Унд ч болно хоол ч болно. Тарвага нь хэвтээ хошгирч байгаа газарт бууж амарч болохгүй. Тэр хүний нутаг шүү. Босоо хошгирч байгаа тарвагатай нутаг өөрийн чинь нутаг, тэнд бууж амарч болно. Аав чинь алуулах биз. Харин эх чинь энэ бүсгүй мэнд байж болно. Эднийг дайсны гараас аврахыг бодоорой гэжээ. Чиний морь жинхэнэ хүлэг морины шинж бүрдсэн, тал хомоолоор баадаг, ус бараг уудаггүй, их таргалдаггүй тоосоо үзвэл зогсохоо мэддэггүй юм. Чиний хазаарын амгай битүү учир зогсооход хичнээн татсан ч заарахгүй гэж захижээ.

Сэтгэлт бүсгүй нь: Манай ахын гурван алд урт биетэй шарга гүү бий, тэр чиний морийг гүйцэж мэднэ. Болбол ахад би хэлж би түүнийг барьж уная. Хожим хойно ямар ч байдалтай уулзаж болно. Үүгээр хоёр биеэ танья гэж нэгэн зоосыг дундуур нь хувааж хагасыг нь өгч, хагасыг нь өөрөө авчээ. Тэгээд хүү мориндоо мордов. Бүх үйл явдал өвгөний хэлсэнээр болж овоог бугуйлдаж татаж унагаад тал талаас нь дайран эмээлийн гөлөмнөөс татахад гөлөмний жаран зүйлээр нааж хийсэн тул учир зүйдэл бүрээр тасарчээ. Морин дээрээ унтаж хуруудаа хүлхэж явсан боловч бие нь ядарч явж. Бараа тасраад хэд хоносон хойно яаж гүйцэхэв гэж бодоод таврага хэвтээ хошгорч байсан нэг газарт хэвтээд унтжээ. Нэг сэрэхэд морины төвөргөөн сонсогдоход босож харвал хэдэн морьтой хүн ирж явжээ. Дэргэдээс нь зугтаад гүйцээгүй юм, ийм холоос зугтахад яаж гүйцэхэв. Миний морь бага ч гэсэн амарсан гээд мордоод ухас гэсэн чинь морь нь чөдөртэй юм шиг явдаггүй гэнэ. Юунд бууж унтав даа ингээд баригддаг байж гэж бодоод харсан чинь хамгийн түрүүнд шарга морьтой хүн хол зайтай явж байлаа. Гэтэл эмэгтэй хүний дуу гарч, чи эр хүн байж эмэгтэй хүнээс дор яасан, юм санадаггүй юм бэ? Өвөртөө байгаа тулгын дөрвөн чулуунаас авч хая гэжээ.

Өврөө уудалсанд хэтэн дотор нь дөрвөн чулуу байжээ. Гурвын нь авч хаяхад морь саадгүй давхижээ. Үүнээс хойш монгол хүн хэтийн цахиурыг тэгш тоотой хийдэггүй, сондгой тоотой хийж заншсан түүхтэй гэнэ. Шарга морьтой нөгөө бүсгүй ойртож ирээд одоо босоо хошгорч байгаа тарвагатай газар очиж амраарай. Би чамайг гүйцээгүй болоод хоцоръё. Сайн яваарай гэж хоолой чичрэн холдсоор хоцорчээ. Хүү хэдэн өдөр шөнө давхисаар бас ядарсан боловч хэвтээ хошгорч байгаа тарвагатай нутагт бууж амрахгүй явсаар арай гэж нэг босоо хошгорч байгаа тарвагатай газар ирж унтаж өөрөө амарч, морио амараагаад цааш явжээ. Хэдэн өдрийн дараа нутагтаа ирж аавтайгаа уулзжээ. Аав хүү хоёр шар баатрынхан дайтахаар ирнэ гэж цэрэг зэвсэг хуралдуулж, Өөлдийн шар баатар Аралдай тайжийн хүүг нэхэн иржээ.

Шар баатар бүх цэргээсээ гурван хоногийн урьд явдаг, нэг унтахаараа гурван хоног унтдаг гэдгийг Аралдай тайжын хүү тагнан туршиж мэджээ. Гэтэл шар баатар хаан цэргүүдээсээ гурав хоногоор түрүүлж ирээд, дэргэдээ сэлэм, буу, жадаа тавьж алтан бариултай сэлмээ нуруун доороо хийгээд унтсан байхад Аралдай тайжийн хүү ирж бууг нь авч зүрхэн тус нь буудсан ч буун сум даасангүй гэнэ. Шар баатар хаан буун дуу гарч, дарь хүхрийн үнэр гарав уу? гэсээр өндийхөд нь жадыг авч өрцийг нэвт жадлан газартай хадаажээ. Тэгтэл нэг гараараа нуруун доорх сэлмээ сугалан авч Аралдай тайжийн хүүгийн хүзүүн дээр тавилаа. Хүү огт хөдөлж чадсангүй. Шар баатар хаан хэсэг харж байснаа:
-Чамайг ингэж сэм ирнэ гэж даанч санасангүй жадлууллаа. Түүнээс биш чи намайг дийлэх чадал байх ч үгүй. Одоо ч гэсэн чи миний сэлэмнээс гарч чадахгүй. Хоёр баатар нэг газар үхэж байсан түүх ч байхгүй. Иймээс би үхье. Би чамайг алчихаад цэргээ иртэл амьд байж чадна. Гэхдээ нэвт жадлуулсанаас болж жад авахаар үхнэ. Чи миний цэргийг хөнөөлгүй буцаагааарай. Одоо миний жадыг ав гэжээ. Аралдай тайжийн хүү жадыг сугалж авахад өөлдийн шар баатар хааны амь гарчээ.

Аралдай тайжийн хүү өөрийн цэргийг байлдахад бэлэн болгоод өөрөө шар баатар хааны цэргүүдийг угтан очиж буулгаж авчээ. Ингээд төрсөн эх, сэтгэлт бүсгүйгээ, албат ардаа авч эх нутагтаа буцжээ. Үүнээс хойш ойролцоо хаадаас довтолгоо хийхэд Аралдай тайжийн хүү өөрийн цэрэг зэвсэг дээр өөлдийн шар баатрын хааны цэргийн хүчтэй хавсарч удаа дараа хатуу ширүүнээр бут ниргэх болжээ. Ингээд нэр алдар нь цуурайтаж Халхын "Хатан бүүвэй баатар" гэж олноо алдаршжээ. Үүнээс болж нялх хүүхэд ч хатан баатар ирлээ гэхэд мэдэж уйлахаа больдог гэсэн домог үүсчээ. Тэгээд хүүхдийг уйлахад Бүүвэй ирлээ гэсэн дохио болгож "Бүүвэй, бүүвэй" гэх болж бүүвэйн дуу үүссэн домог гарчээ.


Top
   
PostPosted: Jun.21.12 4:37 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.18.12 5:07 am
Posts: 592
Location: Эхийн хэвлийд
Сайхан сэдэв байна

_________________
Хүн гэж......?


Top
   
PostPosted: Jul.10.12 8:25 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.29.05 10:59 pm
Posts: 454
Location: banzan horoololdoo
bi iim bolmoor bna


Top
   
PostPosted: Dec.27.12 1:35 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.07.09 7:09 pm
Posts: 865
одоо ч гэсэн шилийн сайн эрс (одоогийн хэнэггүй хулгайч нарыг сүүийн үед ингэж нэрэлдэг болцийн бишүү)


Top
   
PostPosted: Dec.27.12 1:50 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Good

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Dec.27.12 3:38 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.07.09 7:09 pm
Posts: 865
орчин үеийн шилийн сайн эрсэд хэн хэн ороод байлаа шороотын цэвээн уулын төмөр энхбаяр элбэгдорж баяр хэн хэнч билээ


Top
   
PostPosted: Jan.01.13 11:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
ecko_saihnaa wrote:
орчин үеийн шилийн сайн эрсэд хэн хэн ороод байлаа шороотын цэвээн уулын төмөр энхбаяр элбэгдорж баяр хэн хэнч билээ

Тоорой Банди
Тогос Чүлтэм
Чүлтэмийн Улаан
Намбарын Энхбаяр гээд л урсч өгнө шүү дээ :haha:

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Jan.02.13 1:29 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 4:16 pm
Posts: 11157
ter oficer havitsaa orognodog shar enhee gene uu...... teriig sonsson meddeg hun bnu..... shiliin sain er bish shuu bish....... shiliin muu ghimuda

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг


Top
   
PostPosted: Apr.03.14 4:56 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.30.09 10:46 pm
Posts: 4567
Location: unknown
mark


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 16 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited